--
Хоол хүнс= ЭМ/ХОР
Эрүүл амьдралын 3 баганын хамгийн чухал хэсэг магадгүй хооллолт мөн байх. Хоол хүнд хор болж болдог бол эм ч бас болдог. Тэгэхээр ямар хоол идэж байгаагаас хамаарч хүний бие хэр эрүүл байх вэ гэдэг нь цэвэр тодорхойлогддог. Хамгийн амархан харж болох наад захын жишээ мэдээж арьс байдаг. Жишээ нь, би сүү сүүн бүтээгдэхүүн, халуун ногоотой бэлэн гоймон, сахар ихтэй ундаа гэх мэтийн хоол идэх үед маргааш өглөө нь баталгаатай намайг батгатай нүүр өглөөний мэнд гэж угтдаг. Мэдээж хүн болгон адилхан биш ч гэсэн ихэнхи хүмүүс төстэй үр дүн харах нь элбэг.
Эрүүл зөв хоолны дэглэмтэй болохын тулд нэг өдрийн дотор огцом өөрчлөлт хийх бага зэргийн өрөөсгөл. Хэрвээ одоо өөрийнхөө хоолны дэглэмд сэтгэл хангалуун биш байгаа бол өөртөө маш тодорхой зорилго тавиад бага багаар тэр зорилгодоо өдөр болгон хүрэхийх хичээх хэрэгтэй. Хамгийн чухал санах ёстой зарчим бол энэ үйл явц нь өөрөө ойрын зайн гүйлт биш холын зайн маратон гэдгийг маш сайн санах хэрэгтэй. Ерөнхийдөө эрүүл сайн хооллолт хийх гэдэг маань золиос гаргахыг хэлдэг. Өөрийнхөө дуртай хүнсээ хүссэн үедээ идэж чадахгүй байх гэдэг бол бас тийм ч амархан хийдэг зүйл яагаад ч биш. Гэхдээ эрүүл амьдралын хэв маягтай больё гэж боджил байгаа бол тэр золиосыг гаргах л шаардлагатай.
Энгийнээр бол хооллолтоо эрүүл болгоход анхаарах ерөнхийдөө 3 гол хүчин зүйл байдаг. Нэгдүгээрт идэж байвал зохих хүнсний бүтээгдэхүүн, дараа нь аль болох зайлсхийх хоолнууд, хамгийн сүүлд нь хэзээ идэх вэ. Тус бүрийг нь доор товчхон тайлбарлья:
1. Идэж байх ёстой хүнс:
Өдөр бүр идэж байх ёстой хоолонд уураг, нүүрс ус, өөх тос, витамин, бас бусад амин дэмүүд заавал байх ёстой. Хамгийн чухал нь эдгээрийг авахдаа зөв эрүүл бүтээгдэхүүнээс авах нь хамгийн чухал. Жишээ нь, аль болох ургамлын гаралтай уураг идэх, жимс бас ногооны нүүрс усыг бусад нүүрс уснаас илүү сонгох, самар эсвэл загасны тосноос өөх тосоо авах гэх мэт. Америкийн хоолны дэглэмийн зааварчилгаанд тогтоосноор бол хүн өдөр бүр авах илчлэгийн 45–65 хувийг нүүрс уснаас, 20–35 хувийг өөх тосноос, үлдсэн хувийг уураг болон бусад витаминаас авбал зохино гэсэн байдаг. Өдөр бүр маш сайн цэвэр ус ууж байх ёстой гэдгийг мартаж болохгүй. Нэмээд доорхи листэд орсон хүнсийг аль болох сонгоорой:
· Бор будаа, гурвалжин будаа, хөц будаа
· Бор гурилаар хийсэн талх нарийн боов
· Олон төрлийн жимс
· Олон төрлийн хүнсний ногоо
· Ургамлын гаралтай уураг
· Ургамлын гаралтай тос
· Шингэнээ аль болох усаар нөхөх
2. Зайлсхийх хүнс:
Хоол хүнс маш олон төрлийн сонголттой элбэг дэлбэг болсон энэ үед хямд үнэ бас гоё амтанд хууртагдах маш амархан. Тийм учраас хоол хүнсний тал дээр маш сайн мэдлэгтэй болж дараах зүйлсийг огт биш юм аа гэхэд аль болох идэхгүй байхыг хичээгээрэй. Нэмэлт сахар орсон чихэр, ундаа, шоколад, гэх мэт. Сахар хүний биед орсон даруйдаа тархинд допамин ялгаруулж их хэмжээний энерги ялгаруулж урт хугацаандаа донтуулах аюул учруулдаг. Цаашлаад их хэмжээний сахарыг хэрэглээд байвал хэт таргалалт, чихрийн шижин, мөн сэтгэл санаанд ч гэсэн сөрөг нөлөө үзүүлдэг. Тийм болохоор аль болох сахар орсон бүх юманд үгүй гэж хэлээрэй. Нэмээд цагаан талх, их хэмжээний гурилан бүтээгдэхүүн, шарсан хайрсан хоол, лаазалсан мах гэх мэт хоолыг идэхгүй байх хэрэгтэй. Монголчуудын хувьд хамгийн түгээмэл эдгээр зүйлсээс анхан шатандаа аль болох хол байж чадвал ерөнхийдөө дажгүй сайн амжилт гэж бодож байна:
· Чихэртэй ундаа бас жимсний жүүс
· Архи бас тамхи
· Чипс бас янз бүрийн печенья
· Хиам, адил төрлийн боловсруулсан мах
· Цагаан гурилтай бууз, хуушуур, цуйван, лапша (хааяа бол гоё шдээ!)
· Бэлэн гоймон
· Түргэн хоолны бургер, пиццаны сүлжээ ресторанууд
3. Ямар үед идэх вэ?:
Сүүлийн үеийн олон судалгаа шинжилгээний үр дүнд мацаг барих нь хүний биед маш олон эерэг нөлөөтэй юм байна гэдгийг батлаж байгаа. Богино эсвэл урт хугацааны мацаг барьснаар хүний бие өөрт байгаа муу эсүүдийг устгаж дархлааны цагаан эсүүдээ шинээр бий болгодог нь тогтоогдсон. Хэрвээ илүүдэл жинтэй бол мацаг барьсны үр дүнд нь илүүдэл өөхөө хоолны оронд шатаах үйл явц явагдана гэсэн үг. Intermittent fasting буюу 16 цагны мацаг нь урт хугацааны мацаг барих боломжгүй хүмүүст тохирсон хөнгөн хэлбэрийг мацаг нь оройн хоолноос өдрийн хоол хүртэл 16 цагны цонхыг гаргаж өгдгөөрөө онцлогтой. Энэ арга нь дэлхий даяар маш түгээмэл хэрэглэгддэг хоолны дэглэм болсон нь хүмүүсийн үр дүнгээс харагдаж байгаа. Ерөнхийдөө хүн өглөөний цай уулгүйгээр 16 цаг дэглэм барьж чадвал өөрийгөө хэтэрхий их өлсгөхгүйгээр биендээ өөрийг нь зохицуулах боломж олгож байна гэсэн үг. Юу идэх бас юу идэхгүй байх гэдгээс гадна хэзээ идэх вэ гэдэг нь ижил хэмжээний анхаарал хандуулах нь хүний эрүүл мэндэд маш их ач тустай гэдгийг та маш сайн ойлгож аваарай. Ялангуяа орой унтахаасаа өмнө 3–4 цагт хүнд махан хоол аль болох идэхгүй байх. Оройн хоолоо хөнгөн байлгаж өдрийн хоолондоо хүнд хоолоо зориулах гэх мэт.
Хоол хүнс гэдэг бол зөвхөн гэдэс дүүргэх гэж огтхон ч ойлгож болохгүй. Хоосон калор идэхийн оронд эсрэгээрээ шим тэжээл, амин дэм ихтэй хоолыг сонгож идэх, хүнсний барааны ар талын найрлагыг уншиж сурах бүгдээрээ маш чухал дадал зуршил. Ер нь тэгээд эрүүл байя л гэвэл аль болох идэж байгаа хоол хүнсэндээ анхаарч хортой зүйлсийг идэхгүй байж бас Монгол хүн гээд байнга гурил мах идэлгүйгээр олон төрлийг ногоо, жимс, зөв уураг, өөх тосыг өдөр бүр авч байх хэрэгтэй шүү.